Үүсгэн байгуулагдсан цагаасаа өдгөө 80 жилийн хугацаанд 39 мэргэжлээр 57000 гаруй эмч, сувилагч, судлаач, эрүүл мэндийн мэргэжилтэнд эмгэг судлал, шүүх эмнэлэг, эс судлал, эмнэлгийн эрх зүй гэсэн хичээлийг төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтанд зааж сургасан нь Монгол улсын эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай билээ. Эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжлэх ухааны салбарт анагаах ухааны доктор – 26, анагаахын шинжлэх ухааны доктор – 1, дэд профессор 15, профессор – 3 цол хамгаалсан нь тус салбарт ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтний 39% -ийг эзэлж байгаа бөгөөд эмнэлзүйн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, нүүр ам судлал, нийгмийн эрүүл мэнд, эмзүйн шинжлэх ухаан, хууль эрхзүй, магадлан шинжлэхүй зэрэг салбарт олон арван доктор, магистрын эрдэм судалгааны ажлыг удирдан зөвлөж хамгаалуулсан түүхэн замналтай билээ. Өдгөө Монгол улсын Эрүүл мэндийн салбарт анатомийн эмгэг судлаач эмч, шүүх анагаах ухаан судлал чиглэлээр үндсэн мэргэшил, эсийн эмгэг судлал, хүүхдийн эмгэг судлал, биоанагаахын мэргэжилтэн – эс судлаач, хистологийн лабораторийн техникч чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалтыг удирдан зохион байгуулж, үндэсний хэмжээний мэргэжилтнийг бэлтгэж буй Монголын ууган тэнхим билээ. Манай тэнхимийн хамт олон АШУҮИС-ийн Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох их үйлсэд идэвх чармайлттай ажиллаж, Монгол-Японы Эмнэлгийн Эмгэг судлалын тасгийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд 2024 онд Эмнэлгийн лабораторийн ISO15189:2022 стандартын болзлыг хангаж, олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардан авсан билээ. ХБНГУ, БНСУ, АНУ, Япон улс, Швейцари улс, Европын холбооны улс, ОХУ, БНХАУ зэрэг улсын эмгэг судлал, шүүх эмнэлгийн эрдэмтэн профессоруудтай хамтран ажиллаж, шинэ технологи нэвтрүүлэх олон арван төсөлт ажлыг хэрэгжүүлж ирсэн нь үе үеийн эрдэмтэн багш, ажилтан та бүгдийн минь хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүн, амжилт юм. Манай хамт олон 80 жилийн түүхэн ололт амжилтаа улам бататгаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухааны төсөлт ажил, инновацийг өргөн нэвтрүүлсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын баталгаажилт бүхий үндэсний шилдэг манлайлагч тэнхим болохоо харуулсаар байх болно.
Meeting secretariats:
Dr. Narantsog Choijookhuu
Phone: (+976) 8505-8441
Mail: narantsog@gmail.com
Dr. Sayamaa
Phone: (+976) 8888-8810
Mail: sayamaa@mnums.edu.mn