“Молекул биологийн аргуудын зарчим, хэрэглээ” сэдэвт онол, практикийн сургалт

Шинэ мэдээ

АШУҮИС, БАС, Молекул биологи-Удамзүйн тэнхимээс Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш нарт зориулсан “Молекул биологийн аргуудын зарчим, хэрэглээ” сэдэвт онол, практикийн сургалтыг 2026 оны 1 сарын 5-8-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтанд нийт арван багш, арван сурагч, нийт 20 хүн хамрагдлаа.

Сургалтанд “Нуклеин хүчил ялгах аргууд, дэвшилтэт технологид суурилсан нуклеин хүчил ялгах төхөөрөмж, аргачлалууд, тэдгээрийн үндсэн зарчим”, “Полимеразын гинжин урвал, түүний төрлүүд ба үндсэн зарчим, онолын үндэс, хэрэглээний тухай ерөнхий ойлголт”, “Гель электрофорезын арга, зарчим, төрөл, хэрэглээ” “Биоинформатикийн судлах зүйл, хэрэглээ” зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон лабораторид суурилсан сургалтыг АШУҮИС, БАС, Молекул биологи-Удамзүйн тэнхимийн сургалт, судалгааны лаборатори болон Био-Анагаахын хүрээлэнгийн Молекул биологийн секторыг түшиглэн хийж гүйцэтгэлээ. Уг сургалт нь ЕБС-ийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлж, цаашлаад ахлах ангийн сурагчдад молекул биологийн үндсэн ойлголтыг таниулахад үр дүнтэй сургалт боллоо. Мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх чин эрмэлзэлтэй зорьж ирсэн сургалтанд хамрагдсан багш, сурагч нартаа цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.