Био-Анагаах судлаач

Хөтөлбөрийн нэр, индекс: Био-анагаах ухаан: 091401    

Хөтөлбөрийн тодорхойлолт

Био-анагаахын мэргэжилтэн нь биологи, хими, хүн судлалын шинжлэх ухаан, хүний эрүүл ба эмгэг төлөв байдал, аливаа эмгэгийн үүсэх шалтгаан механизмын тухай анагаах ухаан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ерөнхий зарчим, техник технологийн суурь мэдлэгтэй, судалгааны болон онош зүйн лабораторийн удирдлага зохион байгуулалтын талаар үндсэн мэдлэгтэй, эмгэг судлалын шинжилгээний үндсэн техник ажилбаруудыг эзэмшсэн, био-анагаахын ёс зүйн зарчмыг баримтлан суурь судалгаанд гүйцэтгэгчээр болон мэргэжилтнээр ажиллах чадвартай, сувилахуйн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.

Хөтөлбөрийн үндэслэл

Өнөөдөр улс орны эдийн засгийн байдал, эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшинтэй холбоотойгоор Монгол улсын эмнэлгийн байгууллагуудад шинэ технологи нутагших явц удаан, эмчийн ур чадварт түшиглэсэн оношилгоо, эмчилгээний уламжлалт арга зонхилсоор л байна.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 368-р тогтоолд заасан “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт (2015-2021 он)”-ын “Хүний хөгжил, хүрээлэн буй орчин” тэргүүлэх чиглэлийн 2-т “Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний оношилгоо, эмчилгээний технологи” гэж зааснаас үзэхэд ойрын ирээдүйд дэлхий нийтийн жишигт нийцсэн технологид суурилсан оношилгоо, эмчилгээний аргууд нэвтрэн нутагшиж, эмнэлзүйн лабораториудын хүчин чадал өсөх нь эргэлзээгүй юм.

АШУҮИС-ийн био-анагаахын чиглэлээр төгсөгчид нь Монгол улсдаа онош зүйн болон био-анагаахын судалгааны харьцангуй өндөр технологи нэвтэрсэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн цөм лаборатори зэрэг байгууллагуудад цөөнгүй тоогоор үр бүтээлтэй ажиллаж байгаа нь ийм төрлийн мэргэжилтнүүд цаашид онош зүйн лабораторийн салбарын боловсон хүчний цөм нь болох боломжтойг харуулж байна.

Өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт хүн амын дунд эрүүл мэндийн үзүүлэлтийг, тухайлбал эрүүл мэндийн төлөв байдлын итгэлцүүр болдог био-маркеруудыг тодорхойлж, нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулах тандалт судалгаа хийдэггүй, улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн судалгааны өндөр хүчин чадалтай лабораторигүй байна. Судалгаанд үндэслэсэн нийгмийн эрүүл мэндийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь төр засгийн нэг чухал үүрэг юм. Нийгмийн эрүүл мэндийн лаборатори нь Био-Анагаахын мэргэжилтний нэг чухал ажлын талбар байх боломжтой.

Хөтөлбөрийн зорилго, зорилт

Зорилго: Орчин үеийн техник, технологи бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллага, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажиллах чадвартай, олон улсын түвшинд дүйцэхүйц судалгаа, сургалт, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадвартай, “Био-Анагаах”-ын чиглэлийн бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилт:

  • Био-Анагаахын чиглэлийн эрдэм шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай уялдуулан судалгаа, шинжилгээ хийх сургалтын тогтолцоог бий болгох
  • Эрдэм шинжилгээний нэгдсэн лаборатори байгуулан сургалт, эрдэм шинжилгээний ээлтэй орчин бүрдүүлэх,
  • Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөрвөх чадвартай Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх
  • Хөгжингүй орнуудад хэрэгжиж буй сургалтын тэргүүний технологийг өөрийн орны нөхцөлд бүтээлчээр нэвтрүүлэх

Хөтөлбөрийн хариуцах нэгж, захирал, харилцах хаяг

  • Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэх бакалаврын хөтөлбөрийг БАС-ийн 16 тэнхим, АУС-3, НЭМС-ийн 5 тэнхимүүд тус тус хариуцан явуулдаг.
  • БАС-ийн сургалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг зохицуулах, хянах ажлыг ТӨСБЗГ-ийн арга зүйч С.Хонгорзул khongorzol@mnums.edu.mn  хариуцаж ажиллаж байна.
  • БАС-ийн сургалтын албаны мэргэжилтэн Б.Сэр-Од ser-od@mnums.edu.mn , Ц.Номин-эрдэнэ Nomin@mnums.edu.mn , Б.Хулан Khulan.ba@mnums.edu.mn нар сургалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг зохицуулах ажлыг хариуцан ажиллаж байна.
  • БАС-ийн сургалтын албаны мэргэжилтэн Н.Мөнх-Учрал munkhuchral@mnums.edu.mn            сургалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг зохицуулах ажлыг хариуцаж байна.
  • Захирал:Г.Дарамбазар darambazar@mnums.edu.mn Хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг удирдах, хянах чиглэлээр ажиллаж байна.
    • Утасны дугаар: 99193543

2005-2021 онд 17 удаагийн төгсөлтөөр
563 Био-Анагаахын мэргэжилтэн төгссөн байна.

Үйл ажиллагааны чиглэл: 32.5% нь ЭМ-ийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагад, 5% нь судалгааны байгууллагад, 62.5% нь бусад чиглэл

Ажил олгогчид нь төгсөгчдийн мэргэжлийн ур чадвартай 32,5%, мэдээлэл технологийн ур чадвартай 35% нь гэж үнэлсэн байна.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл

Био-Анагаахын мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь 2011 онд БМИҮЗ-өөр хэлэлцүүлж анхны магадлан итгэмжлэлд амжилттай оролцож сургалтыг БШУСЯ-ны зөвшөөрлөөр явуулж байна. Журмын дагуу өнгөрсөн хугацаанд ахиц дэвшлийг тогтмол тайлагнаж 2017-2018 оны хичээлийн жилд давтан 2 дах удаа магадлан итгэмжлүүлсэн. 2022-2023 оны хичээлийн жилд давтан буюу 3 дах удаагийн магадлан итгэмжлэлд оруулахаар танилцуулж байна.